Tuesday, March 1, 2011

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР ТАНАА

2011.01.26
07 тоот

Нийслэлийн нийтийн номын сангуудын төсвийн тухай


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан, 80 гаруй ажиллагсадтай, 4 салбар номын сан, 3 тасгийн зохион байгуулалттай, 400.0 мянга орчим мэдээллийн сан хөмрөгтэй, нийслэлийн соёл боловсрол мэдээллийн томоохон байгууллага юм.
 
Манай номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг. Нийтийн номын сан нь  үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төрөөс жилдээ тодорхой хэмжээний төсвийн санхүүжилтийг хангалттай  авах ёстой байгууллагын нэг билээ.  Гэтэл зах зээлийн эдийн засгийн харилцааны он жилүүдээс эхлэн номын сангийн төсвийг бүрдүүлэхэд номын сангийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжих гэсэн заалт орж ирэн энэ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа номын сангийн үндсэн үүрэг зорилт, үйлчилгээний бодлогыг алдагдуулж бизнесийн байгууллага мэт болгож, нийтийн номын сан нь ард иргэддээ төлбөргүй үйлчлэх үндсэн зарчмыг алдагдуулж байна. Манай номын сангийн төсөвт сүүлийн жилүүдэд 75.148,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх хуваарийг суулган өгч байгаагаас болж  номын сан уншигч хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ хумиж, уншлагын танхим, ажлын өрөөнүүдийг  түрээслэж, үндсэн үйлчилгээг төлбөртэй болгосон нь дэлхийн номын сангийн үйлчилгээнд хаа ч байхгүй гажуудлыг бий болгож байна.

Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбоо/IFLA/ , ЮНЕСКО-оос батлан гаргасан  “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг. IFLA/ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тухай тунхаглалд нийтийн номын сан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах ёстой гэж заасан байдаг.

2010 оны Соёл урлагийн ажилтны өдрийг салбарынхаа хэмжээнд тэмдэглэж байх үед БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр та 2011 оноос соёл урлагийн байгууллагуудын  үндсэн  үйл ажиллагааны орлогыг тэглэх болсон  сайхан мэдээг соёл урлагийн нийт ажиллагсдын өмнө хэлсэн билээ. Байгууллагууд ч  сайдын хэлсэн энэ үг 2011 онд албан ёсоор хэрэгжинэ гэж тооцоолж байлаа. Гэтэл 2011 оны төсөв батлагдаж ирэхэд манай байгууллагад 75 сая төгрөгийн өөрийн үйл ажиллагааны орлого дахин тавигдаж ирсэн байна. Энэ талаар БСШУЯ-ны номын сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхгэрэлд хэлэхэд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Танай байгууллагын  орлогын төлөвлөгөө үнэхээр их байсан байна. Бид ярилцаад 30 сая төгрөгийг хасаж өгөх боллоо” гэж хэлсэн. Бид ч ард иргэддээ төлбөртэй үйлчилдэг үйлчилгээгээ хумихаар төлөвлөж түрээслэж байсан өрөө тасалгаагаа ч цөөлж үйлчилгээгээ өргөжүүлэхээр 2011 оны зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгаад  байсан юм. Гэсэн хэдий ч нийслэлийн төрийн санд манай төсвийн хуваарилалтанд өөрийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх 75.148.0 сая төгрөг хасагдаагүй хэвээр ирсэн байгаа нь төрийн албаны хүмүүсийн ажлын хариуцлага, ам ажлын зөрүү ямархуу байгаа нь харагдаж байна.
Энэхүү үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс болж нийтийн номын сангууд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт "сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" заалт, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл дээр үндэслэсэн ба өнөөдөр дэлхий нийтээрээ бүх улс орнуудад нийтийн номын санг хүн бүр тэгш эрхтэй ялгаварлалгүй, ямар нэг хураамж  төлбөргүй ашиглаж мэдлэг мэдээллийг хүртэж, түүнийг амьдрал ахуйдаа ашиглан улс орноо хөгжүүлж байна.
 
Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.

Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ.

Иймээс нийтийн номын сангийн дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, стандартыг судлан үзэж номын сангуудын үйл ажиллагаанаас олох орлогыг хасаж  төсвийг нь төрөөс бүрэн санхүүжүүлж байхыг  хүсэж байна.

             
                                                              
                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment