Monday, August 23, 2010

БСШУ-НЫ САЙД Ё.ОТГОНБАЯР ТАНАА

2010-6-18 өдөр
75 тоот 

       БСШУ-НЫ САЙД        Ё.ОТГОНБАЯР ТАНАА

             Нийслэлийн нийтийн
 номын сангуудын тухай

  
Манай номын сан нь 1980 онд байгууллагдсан бөгөөд энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 3 тасаг, салбар 4 номын сангийн бүтэц зохион байгуулалттай, төвлөрсөн байдлаар номын сан-ном зүйн үйлчилгээг  нийслэлийн хүн амд хүргэдэг нийслэлийн  боловсрол соёл мэдээллийн томоохон төв байгууллага билээ. Жилдээ 250.0 мян. уншигч үйлчлүүлэгчдэд  607.9 мянга гаруй ном хэвлэл, бусад материалыг уншлагын танхимаар, зөөврөөр, гэрээр болон солилцоогоор олгож  үйлчилдэг.
Манай улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүнд үеүдэд нийгмийн бусад салбарын нэгэн адил хүндрэл бэрхшээл амссан салбар бол соёл урлагийн салбар түүний дотор номын сангийн салбар байсан. Гэвч сүүлийн жилүүдэд төр засгийн оновчтой бодлого, энэ салбарт үнэнчээр бие сэтгэлээ зориулж байдаг мэргэжлийн хүмүүсийн хүчин зүтгэлээр өнөөдөр номын сангийн салбарт тодорхой амжилт, ахиц дэвшилүүд гарч байна. 
Манай номын сангийн ажилтнууд нийслэлийн нийтийн номын сангуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг номын сангийн үйлчилгээнд ашиглах, түүгээр дамжуулан шинэлэг үйлчилгээг бий болгох,  ингэснээр иргэдийнхээ мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэх, тэднийг бүтээлчээр хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах, улмаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад ихээхэн санаачлага чармайлт  гаргаж ажилласны үр дүнд тодорхой амжилт үр дүнд хүрч байна. Саяхан манай номын сан Билл Гейтсийн сан, eIFL.net олон улсын байгууллагаас зарласан “Public library innovation program” төслийн уралдаанд “Establishment Daisy Digital Talking book center” төсөл боловсруулан оролцож шалгарсан.
БСШУЯ болон нэн ялангуяа олон улсын байгууллагууд / МННХ Соросын сан,   Австралийн хөгжлийг дэмжих сан, Канадын олон улсын судалгааны төв, Азийн хөгжлийн банк, АНУ-ын ЭСЯ, Дэлхийн Зөн /-аас хэрэгжсэн хөтөлбөр төслүүд бидэнд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байдаг.
Өнөөдөр дэлхийд иргэн нь хэр их мэдлэг мэдээлэлтэй байна тэр хэмжээгээрээ улс орноо хөгжилд хөтөлдөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишиг хандлага харуулж байна.
Тэгээд ч нийгмийн амьдрал улам нарийн болж буй өнөөгийн нөхцөлд хүмүүст амьдралынхаа үе шат бүрт шинэ мэдлэг мэдээлэл, шинэ үзэл санаа, шинэ арга дадал, чадварыг олж авах шаардлага бий болж байна. Энэ үйл явцад нийтийн номын сан чухал үүргийг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын жишээ нотолж байна.
     
Өнөөдөр боловсролын салбарын хөгжилд номын сангийн гүйцэтгэх үүрэг асар их болж байгаа ба мэдлэг мэдээллийг нийгэмд түгээх хамгийн чухал байгууллага бол номын сан болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тэгэхлээр номын сан бол соёлын байгууллага төдийгүй боловсрол мэдээллийн байгууллага гэдэг өргөн утгаар авч үзэн боловсролын салбарын хөгжлийн шинэчлэлтэй хамт номын сангийн  хөгжлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх хэрэгтэй байна.
Номын сангийн салбарыг цаашид олон улсын номын сангийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд төр засгийн бодлого зохицуулалт, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай тулгамдсан дараах асуудлууд байна. Үүнд:
  
Нэгдүгээрт.  Номын сангийн бие даасан хууль, номын сангийн  нэгдсэн бодлого, эзэн холбогдогчгүй алдагдсан номын төлбөрийн асуудал зэргийг  шинэчлэн өөрчлөхгүйгээр номын сангийн үйл ажиллагаанд шинэлэг үйлчилгээ зохион байгуулахад туйлын хүндрэлтэй байна.

Хоёрдугаарт. Номын сангуудын төсөв санхүүжилтийн өнөөгийн тогцолцоо, өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө зэрэг нь Олон улсын номын сангийн холбоо, ЮНЕСКО зэрэг байгууллагуудаас батлан гаргасан номын сангийн стандарт, номын сангийн үйлчилгээ ард иргэддээ төлбөргүй байх үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, үйлчилгээний гажуудлыг бий болгоод байна. Тухайлбал: УБ хотын төв номын сангийн оны төсвийг БСШУЯ-аас батлан өгөхдөө үйл ажиллагаанаас олох орлогыг жил бүр өсгөн нэмэгдүүлсээр өнөө жил  2010 оны төсвийг 399,597.0 мян.төгрөгөөр баталсан. Батлагдсан төсвөөр нийт зардлын 75% нь цалин НДШ-ийн зардал, 23% нь цахилгаан, дулаан, ус гэх мэт ажиллагааны зардал, үлдсэн 3% нь бичиг хэрэг аж ахуй, бусад зардалд зарцуулагдахаар төсөв батлагддаг бөгөөд нийт төсвийн 19% буюу 75 сая төгрөг нь өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төсөвлөгдсөн байдаг. Номын сангийн материаллаг баазыг сайжруулах, жижиг засвар үйлчилгээнүүд хийх, ажиллагсдыг бүтээлч санаачлагыг өрнүүлж шагнаж урамшуулах, тодорхой хэмжээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ном салбэн засах зэрэг бичиг хэрэг аж ахуйн зардлуудад бараг төсөвгүй байна.     Энэ орлогыг олохын тулд бид бүхий л үйлчилгээгээ төлбөртэй болгох, өрөө тасалгаагаа түрээслэх замаар орлого олж түүнийхээ 60% ийг Нийслэлийн өмчийн газарт хураалгаж байна. Энэ нь эцэстээ ерөөсөө ядуу байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй, төлбөргүй хүргэж амьдралыг нь сайжруулахад үнэхээр хүндрэлтэй байна.
Тус номын сан нь одоогийн байдлаар монголдоо номын сангийн зориулалтаар баригдсан ганц номын сан юм. Иймээс номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгаанд байгалийн гэрэлтүүлэг стандартад тавигдах шаардлагын хэмжээнд байсан. Номын сангийн уншлагын заал өрөө тасалгаануудад байгалийн гэрэлтүүлэг муутай болох гол шалтгаан нь Хотын төв номын сангийн үүдний хэсгийг “Сэтгэл зүйн мөрөөдөл” ТББ-д түрээсээр эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 тоот захирамж, Нийслэлийн хөрөнгө оруулалтынг хянан баталгаажуулах комиссын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/12 дугаар тогтоолоор барилгын ажлыг эхлүүлж үүдний хэсэгт барилга бариад байна. Энэ нь уншлагын заал, вестибюль, зарим өрөө тасалгаануудыг байгалийн гэрэлтүүлэггүй болгосон төдийгүй, номын сангийн агааржуулалт, агаарын солилцоо, чийгшлийн хэмжээг багасгаж, номын сангийн орчны стандарт давхар давхар зөрчигдөж байна. Энэ асуудлыг тодруулж өгөх талаар 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн соёл урлагийн газарт албан бичиг өгсөн. Мөн Улсын Мэргэжлийн Хяналтын газрын соёлын асуудал эрхэлсэн улсын байцаагч Цэндсүрэнд асуудлыг маш дэлгэрэнгүй танилцуулж, шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч тодорхой шийдвэр гараагүй өнөөг хүрсэн.
2009 онд НМХГ-аас тус номын санд хийсэн шалгалтаар номын сангийн үүдэнд баригдсан өргөтгөлийг барилгын улсын байцаагч болон соёлын улсын байцаагч нар шалгаж барилгын болон номын сангийн орчны стандарт ноцтой зөрчсөн мөн уг барилга өөрөө суурьнаасаа эхлэн барилгын холбогдох бусад стандарт зөрчигдөж байна  гэж үзэн буулгахыг шаардсан боловч өнөөг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна.
Нийслэлийн өмчийн газар номын сангийн барилга байшинг засварлан сайжруулж, хамгаалахын оронд  эрх мэдлээрээ далайлган Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг ямар ч төлбөргүйгээр  3 өрөө эзэмшүүлэн, цахилгаан, дулаан, усны зэрэг ажиллагааны зардлыг номын сан төлсөөр 6 жил болж байна. Төв номын сангийн үүдэнд номын сангийн орчны стандартыг зөрчин барилга бариулсан зэрэг  зохисгүй байдлууд гаргасаар байна.

Гуравдугаарт. Ном хэвлэлийн баяжилтын төсвийг 2009 онд огт өгөөгүй, 2010 онд номын тендерээр өгөх болсон ч нэг номын санд 2,695.0 мян. төгрөг өгөх болсон нь ном хэвлэлийн үнэ өндөр болсон одоогийн нөхцөлд уншигчдад хэрэгцээтэй ном хэвлэлийг бүрдүүлэн авахад хүрэлцэхгүй болж байна.
Тухайлбал: Төв болон хүүхдийн номын сан, 4 салбар номын сан, харааны бэрхшээлтэй хүмүүсийн Ярьдаг номын төв зэрэг 7 тасаг салбарынхаа фондын баяжилтыг хийхэд энэ мөнгө үнэндээ хангалтгүй байна. Бид өмнөх жилүүдэд 30 гаруй сая төгрөгөөр фондын баяжилт хийж байхад шаардлагатай номыг хангалттай авч чадахгүй уншигчдыг бухимдуулж байсан.

Иймд дээрх асуудлуудыг сайтар судлан үзэж холбогдох арга хэмжээнүүдийг яаралтай авч өгөхийг хичээнгүйлэн  хүсэж байна.

             
ЗАХИРАЛ                           Т.МИЖИДДОРЖ

No comments:

Post a Comment