Monday, August 23, 2010

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Г.МӨНХБАЯРТ

2010-08-20
92 тоот 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР ТАНАА


             Нийслэлийн нийтийн
 номын сангуудын тухай

         Манай номын сан нь 1980 онд байгууллагдсан бөгөөд 30 жилийн ойгоо 10 сард тэмдэглэхээр НИТХ-ын тогтоол гарч, олон төрлийн бүтээлч ажлуудыг зохион байгуулж  байна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 3 тасаг, салбар 4 номын сангийн бүтэц зохион байгуулалттай, төвлөрсөн байдлаар  номын сан-ном зүйн үйлчилгээг  нийслэлийн хүн амд хүргэдэг нийслэлийн  боловсрол соёл мэдээллийн томоохон төв байгууллага билээ. Номын сан нь 450.0 мянга гаруй номын фондтой жилдээ 250.0 мянган уншигч үйлчлүүлэгчдэд 607.9 мянга гаруй ном хэвлэл, бусад материалыг уншлагын танхимаар, зөөврөөр, гэрээр болон солилцоогоор олгож  үйлчилж байна.
        Манай улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүнд үеүдэд нийгмийн бусад салбарын нэгэн адил хүндрэл бэрхшээл амссан салбар бол номын сангийн салбар байсан. Гэвч сүүлийн жилүүдэд төр засгийн оновчтой бодлого, энэ салбарт үнэнчээр бие сэтгэлээ зориулж байдаг мэргэжлийн хүмүүсийн хүчин зүтгэлээр өнөөдөр номын сангийн салбарт тодорхой амжилт, ахиц дэвшилүүд гарч байна. 
Манай номын сангийн удирдлага, мэргэжлийн ажилтнууд нийслэлийн нийтийн номын сангуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэлхийн жишигт хүргэх, мэдээлэлийн технологийг номын сангийн үйлчилгээнд ашиглах, түүгээр дамжуулан шинэлэг үйлчилгээнүүд бий болгох,  ингэснээр нийслэлийн иргэдийнхээ мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэх, тэднийг бүтээлчээр хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах, улмаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад ихээхэн санаачлага чармайлт  гаргаж ажилласны үр дүнд тодорхой амжилт үр дүнд хүрч байна.
Энэ онд  манай номын сангийн ажилтнууд  Билл Гейтсийн сан, eIFL.net олон улсын байгууллагаас зарласан “Public library innovation program” төслийн уралдаанд хараагүй хүмүүст зориулсан DAISY /электрон/ ном  хийх төсөл боловсруулан оролцож 49 орны 324 төслөөс шилдэг 12 төслийн нэгээр шалгаран одоо уг төслийг хэрэгжүүлж байна.
Манай номын сан 1994-2009 онуудад Азийн сан, МННХ Соросын сан,   Австралийн хөгжлийг дэмжих сан, Канадын олон улсын судалгааны төв, Азийн хөгжлийн банк, АНУ-ын ЭСЯ, Дэлхийн Зөн зэрэг олон улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэн номын сангийн фондын баяжилтыг сайжруулах, номын сангийн үйлчилгээг автоматжуулах, лавлагаа мэдээллийн онлайн үйлчилгээ, интернэт үйлчилгээ зэрэг номын сангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлж нийслэлийн иргэдийг мэдээлэл олж авах нөхцөлөөр хангах олон шинэлэг үйлчилгээг зохион байгуулж байна.
Өнөөдөр дэлхийд иргэн нь хэр их мэдлэг мэдээлэлтэй байна тэр хэмжээгээрээ улс орноо хөгжилд хөтөлдөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишиг хандлага харуулж байна.
Тэгээд ч нийгмийн амьдрал улам нарийн болж буй өнөөгийн нөхцөлд хүмүүст амьдралынхаа үе шат бүрт шинэ мэдлэг мэдээлэл, шинэ үзэл санаа, шинэ арга дадал, чадварыг олж авах шаардлага бий болж байна. Энэ үйл явцад нийтийн номын сан чухал үүргийг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын туршлага нотолж харуулж байна.
Өнөөдөр боловсролын салбарын хөгжилд номын сангийн гүйцэтгэх үүрэг асар их болж байгаа ба мэдлэг мэдээллийг  нийгэмд түгээх хамгийн чухал байгууллага бол номын сан болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.
Номын сангийн салбарыг цаашид олон улсын номын сангийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд төр засгийн бодлого зохицуулалт, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай тулгамдсан дараах асуудлууд байна. Үүнд:
  
Нэг.  Нийслэлийн нийтийн номын сангийн харьяалалын тогтолцоог хотын харьяанд бүрэн шилжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Олон улсын жишгээр нийтийн номын сангууд нь тухайн орон нутгийн удирдлагад бүрэн харьяалагдаж төсөв хөрөнгө, үйл ажиллагааг орон нутгийн захиргаа бүрэн хариуцаж, орон нутгийн хүн амыг мэдээллээр бүрэн хангадаг орон нутгийн алба байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь хоёрдмол удирдлагатай байгаагаас энэ хоёр байгууллагын дунд нь орхигдох явдал их байна. Энэ нь нэг талаас номын сангийн санхүү, төсвийг БСШУЯ шийдвэрлэж нийслэл рүү шилжүүлэх, гэтэл  номын сангийн өмч хөрөнгө нь нийслэлийн өмчид харьяалагдаж  байгаа тогтолцоо нь номын сангийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна.
         Номын сангуудын төсөв санхүүжилтийн өнөөгийн тогцолцоо, өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө зэрэг нь Олон улсын номын сангийн холбоо, ЮНЕСКО зэрэг байгууллагуудаас батлан гаргасан номын сангийн стандарт, номын сангийн үйлчилгээ ард иргэддээ төлбөргүй байх үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, үйлчилгээний гажуудлыг бий болгоод байна. Тухайлбал: Улаанбаатар хотын төв номын сангийн оны төсвийг БСШУЯ-аас батлан өгөхдөө үйл ажиллагаанаас олох орлогыг жил бүр өсгөн нэмэгдүүлсээр өнөө жил  2010 оны төсвийг 399,597.0 мянган төгрөгөөр баталсан. Батлагдсан төсвөөрх нийт зардлын 75% нь цалин НДШ-ийн зардал, 23% нь цахилгаан, дулаан, ус гэх мэт ажиллагааны зардал, үлдсэн 3% нь бичиг хэрэг аж ахуй, бусад зардалд зарцуулагдахаар төсөв батлагддаг бөгөөд нийт төсвийн 19% буюу 75 сая төгрөг нь өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төсөвлөгдсөн байдаг. Номын сангийн материаллаг баазыг сайжруулах, жижиг засвар үйлчилгээнүүд хийх, ажиллагсдыг бүтээлч санаачлагыг өрнүүлж шагнаж урамшуулах, тодорхой хэмжээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ном сэлбэн засах зэрэг бичиг хэрэг аж ахуйн зардалуудад бараг төсөвгүй байна. Энэ орлогыг олохын тулд бид бүхий л үйлчилгээгээ төлбөртэй болгох, өрөө тасалгаагаа түрээслэх замаар орлого олж түүнийхээ 60%-ийг Нийслэлийн өмчийн газарт хураалгаж байна. Энэ нь эцэстээ ерөөсөө ядуу байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй, төлбөргүй хүргэж амьдралыг нь сайжруулахад үнэхээр хүндрэлтэй байна.

Хоёр. Тус номын сан нь одоогийн байдлаар Монголд номын сангийн зориулалтаар баригдсан ганц номын сан юм. Иймээс номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгаанд байгалийн гэрэлтүүлэг стандартад тавигдах шаардлагын хэмжээнд байсан. Номын сангийн уншлагын заал өрөө тасалгаануудад байгалийн гэрэлтүүлэг муутай болох гол шалтгаан нь Хотын төв номын сангийн үүдний хэсгийг “Сэтгэл зүйн мөрөөдөл” ТББ-д түрээсээр эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 тоот захирамж, Нийслэлийн хөрөнгө оруулалтыг хянан баталгаажуулах комиссын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/12 дугаар тогтоолоор барилгын ажлыг эхлүүлж үүдний хэсэгт барилга бариад байна.  
Энэ барилга нь уншлагын заал, вестибюль, зарим ажлын өрөө тасалгаануудыг байгалийн гэрэлтүүлэггүй болгосон төдийгүй, номын сангийн агааржуулалт, агаарын солилцоо, чийгшлийн хэмжээг багасгаж, номын сангийн гаднах өнгө үзэмжийг муутгаж улмаар номын сангийн орчны стандарт давхар давхар зөрчигдөж байна. Энэ асуудлыг тодруулж өгөх талаар 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн соёл урлагийн газарт албан бичиг өгсөн. Мөн Улсын Мэргэжлийн Хяналтын газрын соёлын асуудал эрхэлсэн улсын байцаагч Цэндсүрэнд асуудлыг маш дэлгэрэнгүй танилцуулж, шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч тодорхой шийдвэр гараагүй өнөөг хүрсэн.
2009 онд НМХГ-аас тус номын санд хийсэн шалгалтаар номын сангийн үүдэнд баригдсан өргөтгөлийг барилгын улсын байцаагч болон соёлын улсын байцаагч нар шалгаж барилгын болон номын сангийн орчны стандарт ноцтой зөрчсөн мөн уг барилга өөрөө сууринаасаа эхлэн барилгын холбогдох бусад стандарт зөрчигдөж байна  гэж үзэн буулгахыг шаардсан боловч өнөөг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна. Энэ өргөтгөл барилгад байгаа “Сэтгэлзүйн мөрөөдөл” төвтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа түрээсийн байгууллагуудын гаднах цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн асуудлыг номын сан хариуцаж байгаа нь үнэхээр хэцүү хүндрэлтэй байна.
    Нийслэлийн өмчийн газар номын сангийн барилга байшинг засварлан сайжруулж, хамгаалахын оронд  эрх мэдлээрээ далайлган Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг ямар ч төлбөргүйгээр  3 өрөө эзэмшүүлэн  цахилгаан дулаан усны зэрэг ажиллагааны зардлыг номын сан төлсөөр 6 жил болж байна. Төв номын сангийн үүдэнд номын сангийн орчны стандартыг зөрчин барилга бариулсан зэрэг  зохисгүй байдлууд гаргасаар байна.

Гурав.  Ном хэвлэлийн баяжилтын төсвийг  2009 онд бүр өгөөгүй, 2010 онд номын тендерээр өгөх болсон ч нэг номын санд 2,695.0 мян. төгрөг өгөх болсон нь ном хэвлэлийн үнэ өндөр болсон одоогийн нөхцөлд уншигчдад хэрэгцээтэй ном хэвлэлийг бүрдүүлэн авахад хүрэлцэхгүй болж байна. Одоогийн байдлаар энэ асуудал бас л шийдэгдээгүй байна.
     БСШУЯ нь нэг сая хүн амтай нийслэлийн номын санг номын фонд, үйлчилгээний цар хүрээгээрээ нийслэлийн нэг дүүргээс цөөн хүн амтай аймгийн номын сантай нийцүүлэн ном хэвлэлийн баяжилтын төсвийг шийдэж байгаа нь үнэхээр хармсалтай байна.
    Тухайлбал: Төв болон 4 салбар номын сан, харааны бэрхшээлтэй хүмүүсийн Ярьдаг номын төв зэрэг 6 тасаг салбарынхаа фондын баяжилтыг хийхэд энэ мөнгө үнэндээ хангалтгүй байна. Бид өмнө жилүүдэд 30 гаруй сая төгрөгөөр фондын баяжилт хийж байхад шаардлагатай номыг хангалттай авч чадахгүй уншигчдыг бухимдуулж байсан.

Дөрөв. Нийслэлийн Засаг даргын удаа дараагийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн сүүлийн 3 жилийн зорилтод манай номын сангийн харьяа дүүргүүдийн 4 салбар номын сангуудад автоматжуулалтын программ хангамж нэвтрүүлэх, интернэтийн сүлжээнд холбох зорилт тавьсан боловч одоо болтол төсөв санхүүгийн улмаас шийдвэрлэгдэхгүй хойшлогдсоор байна.

Тав. Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн олон хотуудтай ах дүүгийн барилдлага холбоотой хамтран ажиллаж олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд эдгээр хотуудын нийтийн номын сантай манай номын санг холбоо тогтоож хамтран ажиллах, харилцан туршлага судлах чиглэлээр гэрээ хэлэлцээртээ тусгаж, зочид төлөөлөгчид солилцоход номын сангаас хүн оролцуулж байх нь зүйтэй байна.

Зургаа. Номын санд өрх толгойлсон эмэгтэйчүүд олноор ажилладаг ба тэд өөрийн байр сууц, гэргүй амьдарч байна. Иймд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна.

Иймд дээрх асуудлуудыг сайтар судлан үзэж холбогдох арга хэмжээнүүдийг яаралтай авч өгөхийг хичээнгүйлэн  хүсэж байна.


                                    ЗАХИРАЛ                           Т.МИЖИДДОРЖ


No comments:

Post a Comment